Нэгэн хүн зэрлэг араатанд хөөгдөн идүүлчих шахан зугатаж яваад эгц цавчим хясааны ирмэгт тулж ирэв. Хясааны доор амгалан тайван нуга харагдана. Хясааны ирмэг хавиас нэг ороонго ургамал урган тэртээ доор нуга хүртэл унжсан байх юм гэнэ. Нөгөө хүн нугад хүрэх юм байнаа гээд ороонгоос зүүгдэн доошилж эхлэв. Хөөж явсан араатан ирмэгт тулаад яаж ч чадалгүй эргэв. Жаал тайвширсан нөгөө хүн ийш тийш хартал хясааны элгэнд ургасан жимсний бутыг олж харлаа. Ув улаахан жимс “Надад хүрч чадах уу?” гэсэн шиг бөнжийж харагдана. Хүний шунал нь хөдлөн гараа хичнээн сунгавч хүрэхгүйд зуурч байгаа ороонгоо савлан жимс рүү хүрэхийг хичээв. Хаанаас ч юм хар цагаан хоёр хулгана гарч ирээд нөгөө ороонгыг мэрж эхлэв. Хүн нь хулганыг ч анзаарахгүй, амгалан нугад хүрэх зорилгоо ч мартан жимс рүү ороонгоо савчуулан зүтгэсээр, ороонго нарийсан тасрах дөхсөөр дөхсөөр /ойртсоор/ байв. Ширхэг жимсний төлөө зорилгоо ч мартан тэмүүлэх хөөрхий тэр хүний бяц үсрэхийг хэн харж зүрхлэхэв...Хүн нь чөлөө учралын энэхэн хугацаанд ... ийн боломжоо алдсан нь харамсалтай. Ороонго нь гэгээрэлд хүрэх завшаан шүү. Түүнийг бушуу ашиглахгүй бол өдөр, шөнө хоёр /хоёр хулгана/-оор үргэлж нарийсч байдаг. Үхэл, мөнх бусыг ухаараагүй хүн л ширхэг жимсний төлөө энэ насаа ийм хялбархнаар үрдэг гэнэм.
Буддагийн халаасан дахь очир
Будда эрдэнэсийн худалдаачнаас асар том очир авахыг харсан хармааны хулгайч түүнийг дагаж гэнэ. Будда Мадрас хүрэх тийз авч. Хулгайч ч тэгж. Яг хажууд нь сууж. Нэгэн зогсоол дээр Буддаг гарах хооронд нь хулгайч авч яваа бүх юмыг нь хуу нэгжив. Очир байдаггүй. “Аан, өмсч яваа ...” гэж бодоод шөнө болохыг анан хүлээжээ. Буддагийн өмссөн болгоныг сөөм ч газар үлдээлгүй нэгд нэгэнгүй самнасан хулгайчийн гайхаш барагдан “...очироо хаана...” гэдэг тарнийг тоогоо алдтал тоолж байхуйд Мадраст иржээ. Тэр хулгайч, хулгайч ч гэсэн овоо зүрх байсан юм шүү. Тэр Буддагийн өмнө очоод “Би таны очирыг авахаар өдий хол замыг туулчихаад олоогүй ч гэсэн хаана нуусныг тань мэдэхээс нааш санаа амрахгүй нь “ гэж хэлсэн юм. “Тийм ээ, би мэднэ. Та маш сайн хайсан. Жинхэнэ мэргэжилтний ёсоор. Гэхдээ хүний л ухаанаар эрж байна лээ дээ. Би очироо таны хэзээ ч хайхгүй тийм газар нуусан. Хаана гээч? Таны халаасанд ...” гэж гэрэл цацраан хэлчихээд яах ийхийн завдалгүй хүнэн урсгал дунд шингэн алга болсон Буддагийн араас ам ангайн ширтэж зогссон хулгайч гараа явуулан халаасаа тэмтэрч очирыг гаргаж ирэв. Тэр очирыг олж, Бурханыг алдсандаа үнэн голоосоо гашуудах агшинд гэмтэн үхэж, гэгээнтэн сэржээ. Түүнийг сэрэх хүртэл бид хармааны хулгайчид байх болно.
Comments
Post a Comment