Skip to main content

Нар зөв


...Физикийн онол туршилтаар нар зөв эргэх хөдөлгөөн нь цаг хугацааны чиглэлтэй тохирч, сайн эерэг энерги хуримтлуулдаг гэдэг нь батлагдсан билээ...

..Эртний сурвалжит босоо бичиг минь нар зөв эргүүлэгтэй, 
Эрдэнэт төрийн соёмбо нар зөв эргэсэн хоёр загастай. 
Дээжлэн самрах сүү нар зөв тойрогтой, 
Дээлийн дурдан бүсээ нар зөв хөөргөн бүсэлдэг,
Дэнж хотойлгон наадах хүлэг морьд нар зөв эргэн хурдалдаг, 
Дэвж яваа хүчит бөхчүүд нар зөв эргэн туг тойрдог ...


*~*~*~*~*~*~*~~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~ 

Уяа дээс томохдоо ч нар зөв эргүүлдэг,
Уурга, бугуйл шидэхдээ нар зөв тойруулдаг, 
Уул овоогоо нар зөв тойрдог, 
Уран шаглааг нар зөв далладаг, 
Уянгын дугараа нар зөв эргэдэг ээ

*~*~*~*~*~*~~*~*~*~*~*~*~*~~*~*~*~*~*~*~~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~*~ 

Аз жаргал үргэлж наран зөв...
Дархан Монголын бурхан ухаант ардууд нь 
Хан уулынхаа овоог наран зөв гороолдог 
Хийморь оршсон бүсээ наран зөв ороодог 
Цайлган сэтгэлт ижий бүхний цай цал мөнгөн аягандаа 
Наран зөв эргэдэг

 Энэ боломжийн реклам байна. Шууд энд оруулах гэсэн болдоггүй ээ. Энд дараад үзчих :





chuhal.mn ээс
Нар зөв эргэхийн тухайд

Монголчууд бид эрт цагаас баруун зүгийг эрхэмлэн, нар зөв эргэхийг билэгшээж ирсэн нь ертөнцийн хүрд буюу гариг эрхсийн хөдөлгөөнтэй холбоотой юм. Үүнийг физикийн үзэгдэл хэмээвэл даяаршиж боловсорсон өнөө цагийн хүмүүс илүү ойлгох биз ээ. Нөгөө талаар орчлонгийн оршихуйн хуулийн амьдрал, байгаль дээрх бодит биелэл гэвэл зохилтой. Гэхдээ энэ бүх хөдөлгөөн бидний ярьж заншсанаар нар зөв эргэж байдаг нь гайхалтай. Хүн бүр аливаад тэмүүлж, алсыг зорих замдаа ямагт давших хөдөлгөөн хийдэг учраас ямар ч нөхцөлд энерги алдаж, ядарч цуцаж байдгийг эрдэмтэд тогтоосон байна. Харин эргэлдэх, ялангуяа нар зөв эргэх нь давших хөдөлгөөн хийх боловч төвд тэмүүлэх хүчний үйлчлэлээр алдсан эрчмээ буцааж хураадаг онцлогтой хэмээн нэгэн эрхэм ярьж билээ. Тийм ч учраас монголчууд дугуйг хаан дүрс хэмээн үзэхээс гадна өөрсдийн ахуй амьдралд дугуй хэлбэрийг ашиглах нь олонтаа. Монгол түмний олон мянган жил эзэмшиж суусан гэр, хүний биеийн тэргүүн толгой дээрээ залдаг улаан залаат малгай гээд ахуй хэрэглээний олон зүйлийг нэрлэж болох юм.


Монголчуудын нар зөв эргэх ойлголт нь зүг, өнгөний билэгдэлтэй холбоотой байдаг. Дэлхийн соронзон урсгал хойноос урагш урсах явцад ертөнцийн энергийн бүх бохирдлыг цэвэрлэдэг гэж физикийн эрдэмтэн судлаачид үздэг байна. Тийм ч учраас монголчууд гэрийн хоймроос эхлэн үүд чигтээ хогоо шүүрдэж цэвэрлэдэг “бичигдээгүй хууль”-тай бөгөөд хойд зүгийг хар өнгөөр тодорхойлдог байх юм. Түүний дараахь зүүн хойд талыг зүгийн мууд тооцож, тэндээс ирэх хар муу бүхнийг хааж, эр хүн тэр талд суудаг учиртай гэнэ. Харин наран мандах зүүн зүгийг хөх буюу амьдралын өнгө хэмээн нэрийдэж тулганыхаа амыг энэ зүгт харуулдаг байна. Түүний өмнө гэрийн эзэгтэй сууж, өөрийн ариун цагаан сэтгэл шингэсэн галаар гэр орноо ариусгаж гийгүүлдэг гэж үздэг.


Урд зүгийг улаан өнгөөр зүйрлэх бөгөөд эндээс цаг бусын хараал зүхэл, хэл ам ирэх нигууртай хэмээн болгоомжилж, цагаан эсгийгээр үүдэвч хийж, хамгаалдаг байжээ. Харин баруун талыг цагаан энерги, эрчимтэй зүг гэж эрхэмлэн дээдлэхийн зэрэгцээ зочин, хүүхэд багачуудаа суулгадаг аж. Саяхныг хүртэл монгол эмэгтэй гэрийнхээ баруун хатавчинд араг түшиж хүүхдээ төрүүлдэг байсан нь ийм учиртай буй за.


Энэ бүхнийг нуршихын учир нь баруун талын цагаан сайн энергийг хуримтлуулж нар зөв тойрсноор хойд зүгийн хар муу бүхнийг дарж, наран мандах дорноос дахин эрч хүчийг олж, улаан буюу урд зүгийн хараал зүхлийг даван туулахын билэгдэл төдийгүй ертөнцийн хүрдний эргэх бодит ерөөл тавилан билээ. Үүнийг монголчууд бидний ахуй амьдралын наад захын жишээнээс харж болно.


Өвлийн тэсгим хүйтнийг өнтэй сайхан давсны баяр-хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнөх битүүний өдөр монголчууд гэрийнхээ баруун хатавчны дээр мөсийг чандманилан тавьсан байдаг. Энэ нь эд баялаг, эрхэм сайны билэгдэл Балданлхам бурхны унааг ундаалах ус гэлцдэг. Тэрхүү мөсийг нар зөв тойруулан зүүн хатавчинд авчирснаар бурхны унааг ундалж буян хийлээ гэж билэгшээдэг байна.


Зуны дэлгэр цагт цэцэг ногоо дэлгэрсэн уудам хөндий, талуудад айраг цагаагаа дэлгэн байх айл бүрийн гадна хурдан хүлгийн уяа сойлгыг тааруулах наадамчин, хүүхдийн дуу цангинах гийнгоон дуу тасардаггүй ээ. Өөрт нь томдсон гэмээр хурдан ажнайг цулбуурдсан бяцхан хүү уяаны шонг нар зөв тойрохоо хэнээр ч заалгадаггүй юм.


Үүрийн таван жингээр шинэ бууриа зорьсон малчин айл өглөөний нартай уралдаж товлосон газартаа буудаллаж, тулгаа нар зөв тойруулан гурвантаа шившээд гэрээ барьж эхэлдэг.


Дээлийнхээ энгэрийг нар дагуулан дарж, энхэрхэн биендээ сайныг шингээгээд нар зөв тойруулан бүсэлдэг нарийн ухаан бас Монголынх байдаг.


Өглөө бүр төрийн сүлдэндээ сүсэглэн залбирдаг монголчууд наран ургах зүгээс эхлэн цай сүүнийхээ дээжийг хангай дэлхийдээ өргөж, нар зөв хурайлж нас буянаа тогтоохын хамт мал сүрэг, эд баялгаа арвижуулж ирсэн уламжлалтай.


Хүчит бөхчүүд төрийн соёмбот далбаа, их хааны есөн хөлт туг сүлдийг нар зөв тойрон хүч чадал, хийморь жавхаагаа бадрааж, настан буурлууд Жанрайсиг бурхандаа мөргөж нар зөв эргэж гороолохдоо үр хүүхэд, хойч ирээдүйнхээ хувь заяаг даатгаж залбирдаг аа.


Нар зөв эргэхийн учир ийм билээ. 
Монголчууд бид нараа даган баясч, зөв эргэдэг, хийморьлог ард түмэн билээ. 

 

Г.Тамир


Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...