Skip to main content

Ерөөл өргөж амьдарцгаая /Сар шинэ/

1.Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж,
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй
Амархан сайн байн уу та??

2.
Буурал жил морилж
Буянтай жил ирж
Өвгөн жил морилж
Өлзийтэй жил ирж
Баясгалантай шинэлсний 
Бэлгийг айлтгая
3.
Даага далантай
Бяруу булчинтай
Тором бөхтэй
Төлөг сүүлтэй
Тарган тавтай
Сайхан шинэлж байна уу  
4.
Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж

Амар сайхан шинэлээрэй


5.Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

6. Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд 
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад

Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд

Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ

Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой

7.Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй.
8.Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан 9-цагаан хүсэл нь биелэн буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
9.Мөнгөн хөх тэнгэрээ шүтэн хувь заяагаа даатгаж Мөнгөн сарны тойргоор цаг хугацаагаа хэмжие Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр Хатан өвлийн жаврыг уяраан золгох ерөөлөөр Буурал өвгөд халуун ам бүлээрээ Буян заяагаа тэгшитгэн Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
10.Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!

11.Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Монгол Монголоороо байгаасай.

Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
12.Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье.
13, 
Найман зууны түүхийг
Нар зөв хурайлсан
Намхан хүлэгээ унаж
Дэлхий зулайд омoгшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь Могой жилээн үдэж
Настан буурлаан цэнгүүлэн Морь жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа
Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай
Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй.
14.
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дээд тэнгэртээ залибран мөргөж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн баяртай түвшин амгалан
Дэлгэр жаргалтай энх амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
15.
Буян хишиг нь хурж
Будаа цагаа нь элбэг
Өлзий хутаг оршихийн
Өлзийтэй сайхан ерөөлийг
Өөд өөд нь
Өргөн дэвшүүлье
16.
Даага далантай
Бяруу булчинтай
Хурган хонь хуруу өөхтэй
Төлгөн хонь төө өөхтэй
Онд мэнд тарган тавтай оров уу?

Comments

Popular posts from this blog

Монголын хуримлах ёсон

Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа. Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно. Бэр болон хүргэн шинжих ёс Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг с...

Монголын ардуудын зүйрлэж хэлсэн цэцэн үгсээс

Монгол ардын зүйр цэцэн үг цуглуулах гэсэн юмаа бүгдээрээ мэдэх үгээ нэмж туслаарай !!!! Нээх элбэг байдаггүйг цуглуулж байсан юм. Гэхдээ утга нь гүн болохоор бүгд л их сайхан.  Яриан дундуураа донжийг нь олоод хэлж байгаа  хүн их сайхан санагддаг. Би ч яах уу "ш дээ, шүү" гээсээ салах биш ХэХэ Итгэлийг олоход үнэн хэрэгтэй Эндүүг халахад шударга хэрэгтэй. Энэ бие хэврэг Эрхэм нэр мөнх. Ажилч хүний алдар мөнх Ардын сургаал аргагүй сайхаан Ачит эхийн гавьяа мөнх.  Төрхмөө голсон хүүхэн муу Төрлөө голсон хөвгүүн муу. Хийгээгүй байж хөөрөх муу Хийсэн гэж бардамнах муу. Хурц хутга гарт халтай Худал үг өөрт халтай. Танилтай бол талын чинээ Танилгүй бол алгын чинээ Зуун төгрөгтэй явснаас Зуун найзтай яв Харь газарт битгий нэрэлх Халуун зуураа битгий эрэлх өглөггүй бол баяжих хэрэг юу байна өргөлгүй бол насжих хэрэг юу байна

ТИТЭМ ҮГ - “Зориг Эс Хүрвэл Ухаан Эс Хүрнэ”

  Монголын хүүхэд залуус бүгдээрээ суу билэгтэн болж чадахгүй ч сурч мэдсэн, ажилсаг бүтээлч, зөв хүн байж лавтай чадна. Аливаа зүйлийг бүтээхэд биеэ мэдэх мэдэл, өөртөө итгэх итгэл, эр зориг хэрэгтэй. “Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал” гэсэн монгол үг бий. Биеэ мэдэх гэдэг нь бүтээх үйлс, хүрэх зорилгоо ухаандаа бодон тунгааж, сэтгэлдээ мэдэрч, тэр бүгдээ бүтээх өөрийн чадал бололцоондоо гүн бат итгэх, улмаар эргэлт буцалтгүй итгэл үнэмшил болгох хувь хүний чадвар юм. “Биеэ мэдэж, бяраа таних”-ыг өвөг дээдэс бидэнд сургамжлан захисан. Энэ нь биеийн бярыг хэлэхээсээ ухааны бядаа танихыг илүүтэй бодсон хэллэг юм. Тэгээд ч биеийн бөхөөр нэгийг давна, ухааны бөхөөр олныг давна гэж хэлэлцэж ирсэн нь эрдэм ухааныг эрхэмлэх гүн гүнзгий утга агуулгатай билэг сургаал билээ. Өөртөө итгэх гэдэг нь өөрийн хүчиндээ итгэх ухаан чадал, сэтгэлийн тэнхээ, үйлдлийн даац билээ. Сурах, бүтээх чамбай хүсэл төрж, даацтай зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төгс үр дүнг үзэх өөрийн итгэл гуй...